Mstars hub давуу болон сул талууд

Mstars hub 2023 оны элсэлтийн бүртгэлээ аваад эхэлжээ. Энэ бол тэдний нээгдсэнээсээ хойших 3-дах удаагийн элсэлт гэж хэлж болно.

Миний бие Mstars hub анхны хөтөлбөрийн төгсөгч тул өөрийн туулж өнгөрсөн 5 сарыг товч дүгнэж, элсэхээр сонирхож буй дараа дараагийн старт-ап компаниуд болон үүсгэн байгуулагч нартаа хэн нэгэнд тал засалгүй бодит үнэнээр нь нээлттэй мэдээлэл өгье гэж бодлоо.🤟

За тэгэхээр оршил түүхээс нь эхэлбэл старт-ап ертөнцөд хэдхэн жилийн өмнөөс М-Си-Эс групп хүч түрэн орж ирсэн. Ингэхдээ М-Си-Эс Инвестмент компанийг байгуулж, түүний охин компани болох М-Си-Эс Венчур компаниараа дамжуулан бидний мэдэх олон олон технологийн стартапуудад хөрөнгө оруулалт хийж, менежментийн дэмжлэг үзүүлэн ажиллах болсон.

Тэдгээр старт-ап компаниуд зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэдийн танилцуулж, хүнд үеэ даван гараад, үнэнч хэрэглэгчидтэй болж, үнэлгээ нь ч түүнийгээ дагаад ихээхэн өссөн байсан тул нилээд өндөр үнээр хөрөнгө оруулах шаардлага үүссэн.

Старт-ап компанид хөрөнгө оруулах бол эрт үед нь хөрөнгө оруулах нь ихээхэн ашигтай байдаг. Бүр тэр тусмаа бизнесийн санаа төдий дээрээ явж байх үед нь хөрөнгө оруулж гэмээнэ илүү бага үнээр их хувийг эзэмшиж, цаашлаад урт хугацаандаа нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар гол хувийг эзэмших боломжийг бий болгож байгаа юм л даа. Эсвэл дараагийн хөрөнгө оруулагч орж ирэх үед өндөр ашигтайгаар зараад гарсан ч болно.

Зээ энэ зах зээл дээр өмнө нь хэд хэдэн тоглогч бий болсон байсан нь бидний мэдэх Start, Irbis ventures, Founder institute г.м дурдаж болно.

Тиймээс М-Си-Эс Венчур мөн адил старт-ап компанийг санаагаа бүтээгдэхүүн болгох эрт үед нь шигшиж, өөрсдийн бүрдүүлж буй эко системд нийцэх, мөн ашиг сонирхол болон групп компанийн соёлтой уусах старт-апуудыг шигшиж авахаар Mstars hub гэх хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч компанийг байгуулсан гэсэн үг.

За тэгэхээр гол сэдэв рүүгээ оръё.

Ямар давуу талууд байдаг вэ?

1. Mentorship

Бизнесийн суурь ойлголтоос эхлээд стратеги төлөвлөлт, нэвтрүүлэлт, маркетинг, бизнес загвар гээд суурь хэрэгцээт сургалтуудыг М-Си-Эс группын шилдэг менежер захирлууд мөн М-Си-Эс Венчур хөрөнгө оруулсан технологийн старт-апуудын удирдлагууд орно. Тэдний мэдлэг туршлагаас суралцана гэдэг өөрөө том боломж юм.

Таны сурсан мэдлэгийг дараа нь хэн ч булааж авч чадахгүй танд болон танай багт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болдог.

2. Grant

15-30 сая төгрөгийг нэг удаагийн санхүүгийн дэмжлэг болгож олгодог. Хэмжээ нь баг тань хэдэн хүнтэй, демо хувилбараа гаргасан эсэх, хэрэглэгчтэй болсон эсэх гээд хэд хэдэн хүчин зүйлсээс хамаарч тогтох болно. Хөтөлбөрийн гэрээнд тусгасны дагуу Мстарс Хаб-д компанийн хувиа шилжүүлж, түүнийгээ компанийн дүрэмдээ тусгаж баталгаажуулсны дараа Grant-г тань олгох болно доо.

3. Perk

GAN аккаунт нээж өгөх бөгөөд стартап-т хэрэгтэй олон онлайн платформуудыг тодорхой үнийн дүн юмуу хугацаа дуустал үнэгүй ашиглах эрхүүд дагалдаж нээгдэнэ. Тухайн эрхүүдээс дурдвал Amazon AWS 5000$, Agora 1 сая минут гэх мэт олон боломжууд нээгдэнэ. За тэгээд ашиглах хүсэлт илгээхэд аз нь таарвал идэвхжинэ таарахгүй бол таг алга болно. Манайх лав ашиглахаар кодыг нь оруулсан ч идэвхжээгүй тул ашиглаж чадаагүй.

4. Coworking office

Улаанбаатар хотын маань хамгийн таатай оффисуудын нэгт бүтэн 6 сар байрлаж ажиллах боломжтой болно гээд боддоо. Бас энэ хугацаанд оффис үнэ төлбөргүй. Энэ бол үнэхээрийн бодитой дэмжлэг шүү. Оффисын талаар дэлгэрэнгүйг ЭНД дараад уншаарай.

5. Demo day

Монголдоо байхгүй старт-апууддаа зориулсан тайлан шоу болно доо. Салбар бүрээс олон тооны хөрөнгө оруулах боломжтой гэж үзсэн хүмүүсийг урих бөгөөд таны питч сайн байж, бизнес тань таалагдвал хөрөнгө оруулах боломж нээгдэнэ. Мөн хэвлэл мэдээлэл, телевиз хөтөлбөр, сошиал сувгаар таны старт-ап үнэгүй сурталчлуулах болно.

Бидний хувьд Демо өдөрлөг оргил цэг нь байсан. Гэхдээ энэ оргил цэг буцаад бодит амьдрал дээрээ бууна гэдгийг санаарай.

ЭНД дараад демо өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

6. М-Си-Эс компаниудтай хамтран ажиллах, холбогдох боломжууд

Монголын №1 групп компанийн охин компаниудтай бизнесийн хамтрал үүсгэх үүд хаалга нээгдэх нь бас яахын аргагүй том боломж юм. Upoint-той холбогдож, Simple дээр зээлийн эрх нээлгэж, Шоппи, Ubcab-тай хамтрах нь давуу тал шүү.

Ямар сул талууд байсан бэ?

1. Gan accelerator-н хөрөнгө оруулалтын философи дагаагүй

GAN философи их гоё “Хурдасгуур хөтөлбөртөө хамрагдсан Старт-Апуудаа хөрөнгө оруулагчдад зуучилж өгнө. Хэрэв хэн ч хөрөнгө оруулахгүй бол бид өөрсдөө хөрөнгө оруулна аа” гэдэг.

Харамсалтай нь энэ загварыг Mstars маань буулгахдаа “Бид эхлээд өөрсдийн нөхцлийн хүлээн зөвшөөрсөн болон эко системдээ таарах старт-апууддаа хөрөнгө оруулна. Үлдсэнийг нь хөрөнгө оруулагч руу чиглүүлнэ” болгочихсон нь тун таагүй.


2. Хэт их сургалтууд

Хөтөлбөр эхлээд өдөр болгон шахуу сургалт эсвэл арга хэмжээнүүд явагдана. 5хан сарын хугацаанд өндөр өсөлт үзүүлэх зорилготой старт-апуудад энэ нь хурдасгах биш зарим талаараа удаашруулалт болоод байгаа санагдсан. Бас заримдаа хэт энгийн зүйлсийг заах гэх нь үүсгэн байгуулагч нарт эгогоо дарж, цаг гаргах шаардлага үүсгэдэг.


3. Хурдасгуур гэхээсээ илүү Coworking space уур амьсгал

Дундын оффис Монголд үүсээд нилээд удчихлаа. Старт-ап компаниуд хамтдаа оффислох нь тунчиг таатай. Хоорондоо танилцаж, нөхөрлөнө. Арга хэмжээ олноор зохион байгуулна. Уур амьсгал түүнийгээ дагаар найрсаг дулаахан ер нь л гоё байна.

Яг энэ уур амьсгал бүрддэг нь 5хан сар гэж уралдаж байгаа старт-апуудад хурдасгуур хөтөлбөр биш дундын оффист ороод ирсэн аятай л сэтгэгдэл үлдээдэг нь тун харамсмаар…


4. Хурдасгуур хөтөлбөрт ахадсан өндөр хувь хуваадаг

Та компанийхаа 10 хувийг хуваахад бэлэн үү? Дээрх өгөөжүүдийн хариуд?

Энэ шаардлагыг Mstars hub тавих болно. Бид бол багаараа ярилцаж, ярилцаж окэй гээд л зөвшөөрөөд орж ирсэн. Одоо шийдвэр таных.


5. Урт хугацаанд үргэлжлэх хүндхэн заалтууд бүхий хаалтын гэрээ

Хөтөлбөрт хамрагдахын өмнө гэрээ байгуулна. Гэрээ тунчиг хүндхэн заалтуудтай гэдгийг танд сануулъя. Энд биччихвэл магадгүй асуудалд орох тул ингээд өнгөрөөе.

Гэрээтэйгээ маш сайн уншиж танилцаарай гэж зөвлөе.


6. М-Си-Эс Венчур-с хөрөнгө оруулалт авалгүй төгссөн бол цаашаа яах чинь огт хамаагүй

За хөтөлбөр дууслаа. Та М-Си-Эс Венчур саналыг хүлээн зөвшөөрөөгүй эсвэл хөрөнгө оруулалтын санал аваагүй бол тэгээд цаашаа өөрсдийн хүч, хичээл зүтгэлд л найдах болно доо. Түүнээс биш таны бизнест хөрөнгө оруулалт татаж өгөхийн төлөө ер нь юу ч хийхгүй. Хатуу ч гэсэн үнэн.


7. Тогтсон бага дүнгээр хөрөнгө оруулна

Шарк танк үзсээр бид бүхэн старт-ап үнэлгээ өндөр байх ёстой юм байна гэдгийг нилээдгүй ойлгож авсан байх. Харин бодит амьдрал дээр бол өөр. ТВ шоу дээр бол ПР-с эхлээд өчнөөн зүйл ард нь хөвөрнө шүү дээ. Ядаж л олон нийтэд мөнгөтэй харагдах хэрэгтэй. Бас нийгмийн асуудалд санаа зовдог, хөрөнгө оруулдаг гэж харагдах ёстой гэх мэт.

Mstars хурдасгуурын ард бол тийм зүйл байхгүй. Тиймээс та өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хүсэж байгаа бол дэмий л болов уу.


8. Хэдий олон захирлууд байгаа ч гол захирлууд л хөрөнгө оруулах эсэхийг шийднэ

Хөтөлбөрийн сүүлийн 2 сар питчээ М-Си-Эс Венчур захирлуудын өмнө олон ч удаа танилцуулах шаардлагатай болно. Хэдий ихэнх нь таны бизнесийг ойлгож дэмжлээ ч эцсийн шийдвэрийг гол хэдхэн захирал л шийдэх тул тэгээд нэгийг бодоорой гэж зөвлөе.


9. Гадаад хөрөнгө оруулагчидтай холбох боломж шийдэл одоогоор байхгүй, дотоодын хөрөнгө оруулагчидтай ч мөн адил холбох боломж Демо өдөрлөгийг эс тооцвол огт явагддаггүй.

Хөтөлбөр эхлэхээс дуусах хүртэл гадаад хөрөнгө оруулагчидтай таны старт-апыг холбох боломж, арга зам, туршлага гээд олон зүйл одоохондоо маш сул бараг 0-тэй тэнцүү байгаа. Тиймээс энэ тал дээр хүлээлтээ бууруулаарай. Мөн бодит хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчтай уулзуулахаар үйлдэл ер нь л хийхгүй. Энэ тал дээр Монголд өөр venture компаниуд илүү сайн ажилладаг. Явцдаа сайжрах биздээ.


Бидний хувьд анхны cohort-д хамгийн эхэнд сонгон шалгаруулалтын питч танилцуулж, мөн демо өдөрлөг дээр хамгийн эхэнд питчээ танилцуулсан гээд Mstars хурдасгуур хөтөлбөрөөс дурдаад барамгүй олон сайхан дурсамж, мэдлэгийг авсан.

Шинэ юм бүхэн сул талтай байдаг. Явцдаа түүнийгээ зассанаар илүү сайжирдаг. Тиймээс энэ удаагийн элсэлт анхны төгсөгчдийн алдаа болон оноо дээр суурилан илүү чанартай явагдах биз ээ.

За тэгээд хэт өндөр хүлээлт тавиад бол хэрэггүй дээ. Яг чухам танай багт юу хэрэгтэй байгаа гэдэг дээр маш сайн ярилцаарай. Хэт хөнгөн сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаад бол хэрэггүй шүү.Батжа нь зөвлөв 😎

0 Shares: