Мэдээллийн технологийн бизнесийг хэн Монголд хөгжүүлэх вэ?

Салбарын бодлогод Founder-ууд оролцох хэрэгтэй юу? Оролцоод юу ярих билээ?

Өнгөрсөн долоо хоногт мэдээллийн технологийн салбарын ирээдүйн хөгжилтэй холбоотой хоёр ч хэлэлцүүлэгт оролцлоо. Эхнийх нь Засгийн газрын хийж буй Монгол Улсын үндэсний экспортын стратеги боловсруулах ажлын хүрээнд Уул уурхайн бус салбарын экспортыг хэрхэн дэмжих тухай хэлэлцүүлэг байсан бол хоёр дахь нь Мэдээллийн технологийн паркаас зохион байгуулсан Стартап экосистемийн оролцогчид хэрхэн дуу хоолойгоо нэгтгэж, бодлого боловсруулагчидтай харилцах тухай байв.

Гоё танхимд олон хүн суусан энэ хоёр хэлэлцүүлгийн үеэр ажиглагдсан нэг зүйл бол Startup Founder-ууд тэнд маш цөөхөн, харин хөрөнгө оруулагчид, дундын оффис – хурдасгуур хөтөлбөрийнхөн, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагынхан олонхи байв. Олонхио дагаад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг хамгаалах, дундын оффисуудыг дэмжих, экспортын төв байгуулах, хүний нөөцийг бэлтгэх гэсэн стратегиуд яригдаж байх юм.

Тэдгээр стратегийн аль нь ч Founder-ууд бидний асуудлыг шууд шийдэхгүй, хэн нэгнээр дамжиж, хэн нэгний тусламжтайгаар шийдэхээр байна. Хатуугаар хэлвэл, Founder-уудыг өөрсдөө бие даан бизнес удирдах чадваргүй, хэн нэгний тусламжгүйгээр өсөлт хийх боломжгүй хүмүүс гэж, зөөлнөөр хэлвэл, залуу омголон туршлагагүй хүмүүс гэж харж байна. Гэтэл энэ хүмүүсийн амжилтаас салбарын амжилт шалтгаалах гээд байдаг буюу Startup Founder-ууд бид чинь энэ бодлогын гол үр шим хүртэгчид, гол өөрчлөлт бий болгох хүмүүс юм.

Одоо тэгвэл, энэ салбарын гол тоглогчийн хувиар бид юуг ярих хэрэгтэй талаар өөрийн саналаа хуваалцъя. Үүнд:

  • Салбарын гол тоглогч дээр байр суурийг нэгтгэх. Энэ салбарын амжилт нь хөрөнгө оруулагчдаас биш, улс төрчдөөс биш, сургалтын төвүүдээс биш харин асуудлыг шийдэх эрмэлзэлтэй, зөв зарчимтай, чадварлаг үүсгэн байгуулагчдаас шалтгаална гэдгийг олуулаа, олон удаа хэлж awareness үүсгэх. (Awareness is the greatest agent of change – Eckhart Tolle)
  • Бусдаас өөр, хамгийн хурдан экспортын өсөлт бий болгох боломжтой салбар гэдгийг бусад оролцогчиддоо ойлгуулах. Уул уурхай, хүнс, оёмол сүлжмэл зэрэг биет бүтээгдэхүүн экспортлодог салбаруудаас Мэдээллийн технологийн салбар нь шал өөр, тээвэр-мэргэжлийн хяналт-гааль гэх мэт дэд бүтэц шаардахгүй, оруулсан хөрөнгө оруулалт бүр импорт болж хувирахгүй онцлогтой гэдгийг хаа сайгүй ярих.
  • Салбарын гол зорилтыг тодорхой болгох. Алсын хараа 2050 болон дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдэд 2030 он гэхэд Монголын эдийн засаг одоогийнхоос 35 тэрбум ам.доллараар нэмэгдэх бөгөөд энэ өсөлт нь экспортын өсөлтөөр бий болно гэж байгаа. Тэгвэл энэ 35 тэрбумын хэд нь уул уурхай, хөдөө аж ахуй, мэдээллийн технологийн салбараас орохыг тодорхой гаргая. Хэрэв 10 тэрбумыг мэдээллийн технологийн салбарынхан олдог болно гэвэл бидний хийх ажил арай өөр түвшинд, арай тодорхой яригдах болно
  • Өөрсдийн бүтээгдэхүүнээ зорилтот зах зээлдээ нийцүүлэхэд төвлөрөх. Бид олон улсын үзэсгэлэнд оролцох, хөрөнгө оруулагчдын өмнө пийч хийхээсээ өмнө бүтээгдэхүүнээ тухайн улсын зах зээлд туршиж, тохируулсан байвал хэрэгжих магадлал огцом нэмэгдэх юм. Түүний төлөө ГХЯ, дипломат төлөөлөгчийн газрууд, бусад төрийн байгууллагуудын сүлжээг ажиллуулах, дэмжихийг шаардъя

Хэрэв энэхүү бичвэрийг маань уншаад, дуу хоолойгоо нэгтгэе гэсэн бодолтой Startup Founder байвал бидэнтэй холбогдохыг урьж байна.

0 Shares: