Стартап бизнесийн үнэлгээг хэрхэн гаргадаг юм бэ?

Монгол улсын төрийн нууцийн тухай хуулинд нийт 60 зүйлийг тусгасан байдаг юм байна. Харин стартапынхны дунд 61 дэх нууц бүртгэгдсэн байдаг. Энэ нь “Стартап компанийнхаа үнэлгээг хэрхэн тооцож гаргах вэ?” гэдэг асуултын хариулт юм.

Батжа нь энэ асуултын хариултыг авах гэж төдийгөөс өдий хүртэл мөн ч их эрэл хайгуул хийсэн дээ. Тэгээд ингэж хүртэл бодож байлаа.

Энэ үнэхээр тийм нууц юм уу? Зүгээр л хэлээд өгчихөж болдоггүй юм уу?

Тэгэхээр өнөөдөр энэ асуултыг улсын нууцаас хамтдаа гаргацгаая!!!

Ер нь стартап гэлтгүй бизнесийн үнэлгээг гаргахад дараах үндсэн 3 арга байдаг аж. Үүнд:

1. Хөрөнгөд суурилсан үнэлгээ

Энэхүү үнэлгээг Монгол улсад түгээмэл ашигладаг буюу таны бизнес биет болон биет бус хөрөнгийн үнэлгээг гаргаад л шууд компанийн тань үнэлгээг тогтоочихно. Монгол улсад тэгэхдээ биет бус хөрөнгийн хөрөнгө гэж хүлээж авах хөрөнгө оруулагч болон банк тун ховор.

Жишээ нь: Батжа ХХК нь 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй, үүн дээр нэмээд хөдлөх хөрөнгө буюу үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд маань нийлээд элэгдэл хорогдлоо хасаад 2 тэрбумын үнэлгээтэй гэж үзвэл таны бизнесийн үнэлгээг хөрөнгө бүртгэлээр буюу 7 тэрбумаар үнэлчихэж байгаа юм. Мэдээж санхүүгийн нарын зүйлс энд нэмэгдэх нь тодорхой. Үүнийг энд нуршаад юу гэхэв.

Энэ үнэлгээний аргаар стартапыг үнэлэх тун хэцүү. Яагаад гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Бидэнд хамаг оюунаа шингээсэн биет бус хөрөнгө л байдаг бөгөөд үүнийг хөрөнгө гэж хүлээж авах хандлага, хууль эрх зүйн орчин одоогоор дутмаг байгаа шүү дээ. Бас хэдхэн жилийн дотор хэдэн 100 дахин өсөлт үзүүлэх гэж л стартап эхэлдэг. Гэтэл эхлэлийн хөрөнгөөр нь ирээдүйн зах зээлийн боломжийг үнэлэх шударга бус л даа.

2. Орлогод суурилсан үнэлгээ /DCF/

За энэ аргыг стартапууд ихэнхдээ ашиглах гэж оролддог. Гэтэл орлогод суурилсан үнэлгээ /Discount cash flow/ нь таны бизнес орлого олж эхлээд 3 жил үйл ажиллагаа явуулсан байх хэрэгтэй бөгөөд 3 жилийн орлого зарлага, ашиг, ашгийн хувь дээр үндэслэн ирэх 5 жилийг зах зээлтэй нь уяалдуулаад гаргачихаж байгаа юм.

DCF дээр бизнесүүдийг ямар бизнесээс хамааруулан ихэнхдээ жилийн 10-15 хувийн л өсөлт үзүүлэхээр тооцдог. Гэтэл амьдрал дээр стартап бизнес тухайн жилдээ огт орлого олоогүй, дан алдагдалтай байсан нь ирэх жил нь 100 дахин өсөлт үзүүлдэг шүү дээ. Эсвэл огт орлого олохгүй ч байх боломжтой буюу төсөөлсөн шиг өсөлт үзүүлэхгүй ч байх магадлалтай.

Тиймээс энэхүү үнэлгээний арга нь мөн л тохирохгүй болчихоод байгаа юм.

Аан мэдээж өндөр өсөлт үзүүлж буй мөн 3 болон түүнээс дээш жил үйл ажиллагаагаа явуулчихсан стартапуудад маань бол энэ аргаар тооцох нь зөв ч гэсэн өсөлтийн хувиа өмнөх 3 жилийн дундажаараа тооцвол илүү өндөр үнэлгээтэй гарах болов уу.

3. Зах зээлийн нөхцөл байдалд суурилсан үнэлгээ

За тэгэхээр стартап бизнесийг үнэлэх сүүлийн найдлага бол зах зээлийн нөхцөл байдалд суурилсан үнэлгээ юм. Энэ үнэлгээ хийх арга дээр жишээ авч тайлбарлах гээд үзье.

Болдоо онлайн худалдааны стартап эхлүүлсэн гэж үзье. Түүнд галзуу бизнес санаа, сайн хамтран үүсгэн байгуулагчид, мөн гайхалтай сайн ажилладаг систем байгаа. Гэвч түүнд хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд тэгж байж гэмээнэ зах зээлд хурдтай байршиж, өсөлт үзүүлж, дараагийн хөрөнгө оруулалтуудаа татах юм. Тиймээс компанийн хөрөнгөө үнэлтэл 100 сая төгрөгөөр бүртгэгдэж, орлогын урсгалаа хартал маш бага орлого олдог бөгөөд ҮАЗ өндөртэй тул алдагдалтай ажилласаар иржээ.

Түүнд банк зээл олгохгүй. Учир нь барьцаа хөрөнгө нь биет бус хөрөнгө, мөн орлого гээд байх зүйл байхгүй тул эргэн төлөх найдлага алга.

Түүнд ганц боломж байгаа нь angel хөрөнгө оруулагч хувь хүн эсвэл компаниас л хөрөнгө оруулалт татах юм. Түүний хязгаардлагдмал нөөц бол компанийн хувьцаа. Хувьцааны үнэлгээгээ тооцоод хуваавал олигтой дүн гарахгүй тул маш бага дүнгээр өндөр хувиа хуваах нь. За энэ үед:

Өмнө нь дотоодод болон гадны зах зээлд Болдоогийн санаатай ижил төстэй стартапууд хэдэн төгрөгөөр үнэлэгдэж хөрөнгө оруулалт татаж байв?

Дээрх асуултанд нэн түрүүнд хариулах шаардлагатай бөгөөд энэхүү бизнесийн харьцуулалт нь олон байх тусмаа баталгаатай үнэлгээ гэж хөрөнгө оруулагчид итгэл үнэмшил төрөх юм.

За гэхдээ танай стартап дээрх хөрөнгө оруулалт татсан стартапуудаас ямарваа нэг зүйлээрээ ялгаатай байж таарна даа. Тиймээс дараах маягаар тооцож үзнэ.

Ижил төстэй стартапын үнэлгээ  x 1 (Үүсгэн байгуулагчдын ур чадвар, танигдсан байдал) x 1 (Шинэлэг санаачилга/ялгарал) x 1 (Зах зээлийн хэмжээ) x 1 (Технологийн давуу тал) … = Танай стартап үнэлгээ1 гэдгийг 100% гэж тооцоод танайх тухайн харьцуулсан стартапаас үзүүлэлт илүү бол 150% гэх буюу 1.5 үржүүлэх юм. Мэдээж дутуу бол багасгана.

Дээрхээр стартап бизнесүүд үнэлгээгээ тогтоох нь илүүтэй шударга бөгөөд үнэлгээг аль аль талдаа хүлээн зөвшөөрч, сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг.

За нөгөө сүртэй нууцаа хэдүүлээ нууцын зэрэглэлээс хасчихлаа 🙂

Мэдээж төгсгөлд нь нэг зүйлийг хэлэхэд үнэлгээ гэдэг харьцангуй зүйл юм. Таны бизнес хийх ур чадвар, бусдад итгэл хүлээсэн байдал, мөн тухайн цаг үе гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлнө. Тиймээс үнэлгээ бол зөвхөн тухайн үед л хүчинтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн хөрөнгө оруулагч гэдэг зөвхөн Шаркууд ч юм уу эсвэл хэдхэн тооны хувь хүн, корпораци биш юм. Хөрөнгө оруулалт хийдэг олон мэргэжлийн хөрөнгө оруулагчид байдгаас дурдвал

  • Хөрөнгө оруулалтын сан
  • Тэтгэврийн сан
  • Хувийн хөрөнгө оруулалтын сан
  • Ижил салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд
  • Олон улсын хөгжлийн агентлагууд
  • Дотоод гадаадын банкууд гэх мэт дурдаад байвал сонголт ихтэй шүү.

Энэ нийтлэл маань багахан ч болов мэдлэг, мэдээлэл өгч тус болсон болов уу гэж найдаж байна. Стартап-таа хөрөнгө оруулалт татах хэлцлүүдэд нь амжилт хүсье.Батжа-аас нь

0 Shares:
Танд санал болгох