Монгол старт-ап хөрөнгө оруулагчдын үнэн төрх

2019 оны зун хийж буй ажил аажмаар урагшилж байгаа ч хугарлын цэгтээ хүрээгүй, байнгын алдагдлаас алдагдлын хооронд үргэлжилж байлаа. ТУЗ хурал ийм нөхцөлд үргэлж л чанга болно. Сэтгэл санаа тавгүй байгааг мэдсэн группийн удирдах захирал маань хамт ууж суухыг санал болгосон юм.

Тэр үед хэлсэн үг одоо ч санаанаас гардаггүй, цаашдаа ч мартагдахгүй байх.

Монголд бизнес хийх амархан, чи зүгээр л 5 жил тэсчих. Тэгээд л бизнес болсон байхыг харах болно.

Тэсэх гэдэг үг хэлэхэд амархан ч цаг нь тулахад хамгийн хүнд даваа байдаг. Дээрх үгийг эргээд бодоход тунчиг үнэнийг хэлсэн байсан.

Миний мэдэх олон найзууд, танилууд маань цагтаа унаад өгөхөд бэлэн нөхцөлд бишгүй дээ л хүрсэн байсан ч бууж өгөлгүй тэсээд гарсан тул өнөөдрийн амжилттай бизнесүүдийг бий болгосон.

Та бүхэн Rocky Balboa үзсэн байх. 2006 оны буюу 6 дугаар анги дээр Rocky хүүдээ хандаж “Чи хэр хүчтэй цохих чинь чухал биш, харин хэр хүчтэй цохилтын дараа хөл дээрээ зогсож үлдэх чинь чухал” гэдэг.

За тэгэхээр шууд гол нийтлэл рүүгээ оръё. Өнөөдрийн нийтлэлээс эхлээд стартапын ертөнцөд туулж өнгөрсөн болон өнгөрөх бүгдийг яг байгаагаар нь, үнэн бодитоор нь та бүхэнтэйгээ хуваалцаж байх болно.

Юун түрүүнд асуулт байна. Та стартапдаа хөрөнгө оруулалт авсан уу? эсвэл хөрөнгө оруулалт авахаар уулзалт хийж үзсэн үү?

Тийм гэж хариулж байгаа бол миний бичих гэж байгаа зүйлстэй нүүр тулсан эсвэл тулах болно. Зээ тэгэхээр дараах дүр төрх бүхий хөрөнгө оруулагчид Монголд таарах болно.

1. Ертөнцийн төв болсон хөрөнгө оруулагч

“Чиний юу хэлэх гэж байгааг мэдэж байна. Тэгэхээр юу гээч энд би босс нь. Миний алсын хараа, амбиц, нэр төр бүхнээс дээгүүр. Надаас хөрөнгө оруулалт авах гэж хэд зуугаараа хэдэн жил хөөцөлдөн байж хүлээдэг. Миний хийж байгаа бүхэн хэт төгс тул та бүхний бизнес хажууд нь үнэхээр чирэгдэх болно. Тиймээс аан гэж бай. Хөрөнгө оруулалт авах бол хэдэн хувийн хэрхэн ямар нөхцөлтэйгөөр гэдгээс эхлээд бүхнийг би шийдэх болно. Цаашдаа ч миний шийдвэр бол тушаал байх болно.”

– Танил санагдаж байна уу. Ийм хөрөнгө оруулагчидтай уулзаж байсан л биз дээ. Тэгэхээр тэд бол бүхнийг хөөсрүүлэгч, амаараа бол дэлхийг эргүүлчихсэн хүмүүс. Харин амьдрал дээр бодит байдал нь үргэлж хойно нь чирэгдэж явдаг. Ийм төрлийн хөрөнгө оруулагчдаас айж явахад гэмгүй юм. Тэд чиний маш гоё санааг ч юм чинээ тоолгүй өөрийн эрх ашиг, зорилгын төлөө өөрчилж орхих болно. Мөн тайзны урд хамаг шагналыг та биш энэ төрлийн хөрөнгө оруулагчид авах болно. Юу ч болоогүй мэт бүгдийг өөрөө хийсэн гэж тэд зарлаж чадна.

2. Танилын хүрээлэл ихтэй хөрөнгө оруулагч

“Элон Маск, Марк Зукерберг, Чаки Чан, Кристиано Роналдо бол миний найз. Өнгөрсөн хагас сайнд бид хамт манай зуслан дээр ууж сууцгаахдаа бизнес ярилцацгаасан. Би л хөөцөлдөж байж Твиттерийг Элонд шахсан. Мань хүн намайг хэлсэн болохоор л хөрөнгө оруулж байгаа юм. Би чинь Твиттерийн Анжел хөрөнгө оруулагч шүү дээ. Цагтаа Jack Dorsey надаас мөнгө байна уу? гээд л гуйгаад явдаг байсан. Яахав та бүхэн надаас хөрөнгө оруулалт авбал Жонни Депп-тэй холбоод өгч болох юм. Саяхан мань хүн миний зөвлөгөөгөөр шүүхэд ялалт байгуулсан шүү дээ.”

– Монголд хамгийн элбэг тохиолдох хөрөнгө оруулагчид. Гаднаа зөөлөн, хүнд тустай мэт боловч ардаа маш их зүйлсийг бодож төлөвлөсөн байдаг. Тэд хэзээ ч өөрсдийн бизнест ашиг тусгүй стартапт хөрөнгө оруулахгүй. Мөн таны бизнесээс багадаа л 34% буюу компанийн эцсийн өмчлөл бүхий хувьд танил талуудын нэр хүндээрээ далайлган маш бага дүнгээр ашигтай хэлцэл хийх болно.

3. Headhunter хөрөнгө оруулагч

“Хэй Батжа, чи миний бизнесийг нэг сонсоодохдоо. Бид гаднаас маш том хөрөнгө оруулалт татсан байгаа. Мөн Мексик, Хойд солонгос, Сибирь, Македонд өөрсдийн салбараа нээчихсэн. Гаднаас сая сая доллар олж байна. Чам шиг чадварлаг залуус ийм хоёрын хооронд бизнес хийж байснаас манайд нэгдээч. Хамтдаа дэлхийд анхны Юникорн бүтээцгээе. Яахав чи орно гэвэл танай бизнест бага зэрэг хөрөнгө оруулж бас болно шүү.”

– За дээрх төрлийн хөрөнгө оруулагчид их таарна. Тэд хэзээ ч чиний итгэл үнэмшил бүхий бизнесийг үнэ цэнтэй гэж тооцохгүй. Тэдэнд зөвхөн чи л хэрэгтэй. Тиймээс чамайг авахын тулд бизнесийг чинь худалдаж аваад үгүй хийж ч мэдэх аюултай. За үгүй юм аа гэхэд үндсэн ажлыг чинь хийлгэхгүй өөрийн ажил руу байнга л оруулах болно. Өртэй хүн тул тэгээд туслахаас, оролцохоос өөр аргагүй болно.

4. Дамжуулагч хөрөнгө оруулагч

“За чиний бизнес ёстой авах юм алга, уг нь давгүй санаа юм. Тэгэхдээ үнэхээр эмх замбараагүй юм байна. Хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт авах анхан шатны шаардлага ч хангаагүй. Ер нь л хэцүү байна даа. Юу гээч бид энийг чинь засаад, бизнесийг чинь авраад, хөрөнгө оруулагчтай уулзуулаад өгч болно. Гол нь чи бидэнд хувь өгөх ёстой.”

– Ийм төрлийн хөрөнгө оруулагчид бас таарна шүү. Тэдний зөв л дөө. Үндсэн ажил нь шүү дээ. Гол нь та өөрөө өөрийнхөө стартапыг бусдын туслалцаатай авч явах юм бол анхнаасаа байгуулах хэрэг үнэхээр байгаа юм уу? гэдэг асуултыг нэг асуугаад үзээрэй. Бас компанийн хамгийн үнэтэй капитал бол хувьцаа, хувь байдаг гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж таны бизнест сул талууд, гүйцэтгээгүй ажлууд, эмх цэгцгүй бичиг баримт хөтлөлтүүд байгаа бол зүгээр төлбөр төлөөд хийлгэчхэж бас болно шүү дээ.

5. Тогтсон үнэлгээгээр л хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагчид

“Суданд стартапуудын үнэлгээ Seed үедээ үсрээд 500$ л гэдэг. Хойд солонгост бол 200$ хөрөнгө оруулалтаар л хэмжигддэг. Гэтэл Судан 43 сая иргэнтэй, Хойд солонгос 26 сая иргэнтэй. Манайхаас 10-15 дахин их худалдан авагчидтай гэсэн үг. Тэгэхээр Монголд бол стартапыг Seed үед нь 20$-30$-оор л үнэлэх ёстой. Энэ үнэлгээг зөвшөөрвөл зөвшөөр үгүй бол баяртай. Тэртээ тэргүй надаас хөрөнгө оруулалт авч л байж Монголд ер нь бизнес болно шүү.”

– Зарчмын хувьд зөв. Энэ төрлийн хөрөнгө оруулагчид бизнес хийж байна. Тэд эрсдэлгүй байдлаа л бодох болно. Мөн тогтсон төсөв, хэм хэмжээ батлуулаад л явж байгаа. Нэмээд таны бизнесийн багадаа 30 хувьтай тэнцэх хувьцааг энэ төрлийн хөрөнгө оруулагчид заавал шаардах болно. Үүнийгээ ил далд янз бүрийн арга хэрэгслээр гүйцэтгэх л болно. Америкийн анхны баячуудын нэг Rockefeller цагтаа яг энэ аргаар бараг л бүх бизнест эрт үед нь тогтсон дүнгээр хөрөнгө оруулсан бөгөөд тэр нь өнөөдөр маш их амжилтыг дагуулсан байдаг.

Гэхдээ асуудал нь зах зээлээ харж оруусан багахан хөрөнгө оруулалтаараа дэлхийн хэмжээний гүйцэтгэл, өрсөлдөөн шаарддаг. Мөн алсын хараа нь Монгол стартапуудаа дэлхийд гаргана гэсэн лоозонтой. Агуулгын хувьд хамгийн тэнэг зөрчил.

6. Бүлгийн сэтгэлгээгээр тоглодог хөрөнгө оруулагч

“Хардаа надаас ийм олон газрууд хөрөнгө оруулалт авсан. Чи надаас хөрөнгө оруулалт авснаараа эдгээр газруудтай хамтрах болно. Энэ үнэ цэнийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй юм.”

– Нэг түүх яваад байдаг даа. Сэргэлэн залуу өөрийн хүүгийн ирээдүйг босгохоор шийдээд. Төв банк дээр очоод “Миний хүүг захирлаараа ав” гэсэн банкны эзэн яагаад би танай хүүг захирал болгох ёстой гэж гэсэн чинь тэр Билл Гэйтсийн хүргэн гэж л дээ. Тэгээд банкны эзэн зөвшөөрч. Цаашаа явснаа Билл Гэйтс дээр очоод охиноо манай хүүтэй гэрлүүл гэсэн Яагаад? гэхэд тэр төв банкны захирал гэж л дээ. Тэгээд ажил бүтэж… гэх мэтчилэн явсаар зорьсон хэргээ бүтээдэг. Дээрх хөрөнгө оруулагч яг л энэ түүхтэй ижил санагддаг. Муу зүйл байхгүй л дээ. Тэгэхдээ бас яагаад энэ төрлийн хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт авах ёстойгоо бодох л ёстой.

7. Зээл авахаас их шаардлага тавьдаг хөрөнгө оруулагч

“Танай өмнөх оны болон энэ оны хагас жилийн тайланг харахад хөрөнгө оруулахад эргэн төлөгдөх боломжгүй юм байна. Бас дан биет бус хөрөнгүүд байна. Биет хөрөнгө, байр, оффис байвал болж байна…”

– За дээрх хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт авснаас банкнаас зээл авсан нь хамаагүй дээр шүү. Ер нь бол банк барьцаа хөрөнгө байхгүй, тогтвортой хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэх мэт шалтгаанууд хэлдэг учраас л стартапууд хөрөнгө оруулалт авдаг юм шдээ. Түүнээс биш зээл л авна. Юу гэж хувь, хувьцаа гэсэн үнэт капиталаа хуваан байж хөрөнгө оруулалт авах вэ дээ.

Дээрх хэдэн төлөөллөөс гадна өөр олон дүр байгаа ч бүгд нэг ёсондоо адил. Монгол хөрөнгө оруулагчдын нийтлэг дүр төрх ерөнхийдөө ижилхэн.

Blindcare стартапдаа бид өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт татаагүй, аваагүй, хэлэлцээр хийгээгүй, хойшлуулсан шалтгаанууд дээрх дүр төрхүүдийг хүлээн зөвшөөрөөгүй л учраас юм.

Би болон хамтран үүсгэн байгуулагчид маань дараах зүйлст итгэж байгаа бөгөөд дараа дараагийн стартапууддаа зөв зам гаргахыг зорьж байгаа:

  1. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж байгаа нэрээр стартапыг нь худалдаад авчихдаг биш бага хувиар хөрөнгө оруулж болдог гэдгийг
  2. Хэн нэгний дамжлагаар биш өөрсдийн хичээл зүтгэлээр зохистой стартап бий болж болно гэдгийг
  3. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх /Social enterprise/ стартап ч гэсэн томоохон бизнес болж болдог гэдгийг
  4. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг сонсож хөгжүүлсээр Монгол олон нийтийн цахим сүлжээ /social network/ бий болж дэлхийд гарч болно гэдгийг
  5. Хээл хахууль, арын хаалгагүйгээр Монголд бизнес хийж болно гэдгийг
  6. Архидалт, уултгүйгээр хамтын ажиллагаа бий болж болдог гэдгийг
  7. Аль нэг групп компанийн халаасанд оролгүйгээр өсөлт үзүүлж болдог гэдгийг
  8. Гаднын системийн санааг хулгайлалгүй, өөрсдөө сэтгэл бүтээж болдог гэдгийг

Үнэндээ Монголд хөрөнгө оруулагч гэдэг алдрыг хүртэж болох хүн өнөөдөртөө телевизийн шоуг эс тооцвол байгаа эсэхийг мэдэхгүй юм. Угтаа бол хувь хүнийхээ маркетингийг хийх нь, бизнест хөрөнгө оруулъя гэснээс давсан гол зорилго нь болоод байх шиг.
Хөрөнгө оруулагч нэртэй ЗЭЭЛ ОЛГОГЧ нар бол байна аа байна.Батжа нь ингэж бодов 😇

0 Shares:
Танд санал болгох